Канад Улсын дээд шатны шүүхийн шүүгчдийн холбооны төлөөлөгчид болох Ньюфаундленд, Лабрадор мужийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Кэтрин О’Брайен, тус холбооны гүйцэтгэх захирал Стефани Локхарт нар 2026 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүрэлцэн ирж, уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр шүүгчдийн ажлын орчин, тулгамдаж буй асуудал, шүүхийн үйл ажиллагааны нөхцөл байдлын талаар санал солилцсон бөгөөд техникийн шинжтэй ажлын ачааллыг бууруулах зорилгоор шүүгчийн туслахуудын орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай талаар онцлон дурдав. Түүнчлэн Шүүгчдийн холбооны дэргэдэх Ёс зүйн зөвлөх хорооны үйл ажиллагааг идэвхжүүлэх, Шүүхийн академиар дамжуулан гадаадын экспертүүдтэй хамтран сэтгэл зүйн чиглэлийн сургалт зохион байгуулах, Канад Улстай хэрэгжүүлж буй туршлага солилцох хөтөлбөрийг тогтмолжуулах санал гаргасан юм.
Мөн шүүгч Кэтрин О’Брайен шүүгчдийн ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулах нь иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах чухал үндэс болохыг онцолж, эдгээр бодлогын түвшний асуудлыг шийдвэр гаргах дээд шатанд үр дүнтэй хүргэхийн тулд хууль, шүүхийн байгууллагууд нэгдсэн байр суурьтай хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэлээ.
Уулзалтад Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Н.Баасанбат, Тамгын дарга Д.Болор нар Ньюфаундленд, Лабрадор мужийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Кэтрин О’Брайен, Канад Улсын дээд шатны шүүхийн шүүгчдийн холбооны гүйцэтгэх захирал Стефани Локхарт, “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийн Монгол дахь төслийн зохицуулагч Ч.Чинхүслэн, Монголын шүүгчдийн холбооний гүйцэтгэх захирал Т.Туяа, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа, Шүүгчдийн холбооны хэвлэлийн ажилтан М.Наранчимэг болон орчуулагч Н.Сэлэнгэ нартай оролцлоо.




