ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫН ЭСРЭГ ҮЙЛДЛИЙГ ШАЛГУУЛАХААР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХҮСЭЛТ ГАРГАВ
Иргэн А.Эрдэнэбилэг нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж, нэр бүхий шүүгчдийн нэр төр, хараат бус байдалд халдсан, илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр тараасан.
Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 73 дугаар зүйлийн 73.3-т “Энэ хуулийн 73.2-т зааснаас бусад этгээд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл үйл ажиллагаа явуулсан, шүүгчийн эрх ашгийг зөрчсөн тохиолдолд Ерөнхий зөвлөл даруй хуралдаж, дээрх шийдвэр, үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээг хуульд заасны дагуу хүсэлт, гомдол, нэхэмжлэл, мэдэгдэл гаргах зэрэг хэлбэрээр авч хэрэгжүүлнэ.” гэж заасны дагуу дээрх асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөл 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж, 37 дугаар тогтоолоор шийдвэрлэсний дагуу иргэн А.Эрдэнэбилэгийн үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хүсэлт гаргав.
Шүүгчийн хараат бус байдалд халдсан эсэх талаарх цагдаагийн байгууллагын хяналт, шалгалтын үр дүнг холбогдох хуульд заасны дагуу иргэд, олон нийтэд мэдэгдэх болно.
ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР,
ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАХ ХЭЛТЭС