Эрдэнэтийн 49 хувийн гэх тодотголтой 20 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох хэргийн тухай

Шийдвэрийн дугаар: 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр №436
Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болоогүй.
Шийдвэр тойм: №7


Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.

       Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

       Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/2914 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар яллагдагч 20 хүн, 2 хуулийн этгээд нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
       Анхан шатны шүүхээс яллагдагч Д.Эрдэнэбилэгийн холбогдсон хэд хэдэн гэмт хэргийг тусгаарлан түүний үйлдлүүдээс хамааран Эрднэтийн 49 хувийн гэх хэрэгт нэгтгэгдэн шалгагдсан “Хөтөлийн цемент шохой” ХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд хамтран оролцсон нэр бүхий яллагдагч нарт холбогдох хэргийг үндсэн хэргээс тусгаарлах нь зүйтэй бөгөөд өөр хоорондоо харилцан хамааралгүй хэд хэдэн гэмт хэргийг нэгтгэн шийдвэрлэх боломжгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэж хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ. Уг шүүгчийн захирамжид прокуророос эсэргүүцэл гаргаагүй болно. 
     Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл дээр дурьдсан хэргийг тусгаарлах ажиллагааг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. 
     Учир нь Монгол Улсад байхгүй эрэн сурвалжилж байгаа яллагдагчийг байлцуулахгүйгээр хэргийг нь эцэслэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул бусад яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэх нь хуульд нийцнэ хэмээн давж заалдах шатны шүүх дүгнэв. 

          Тойм бичсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn