Шийдвэрийн дугаар: 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2025/ДШМ/644
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Шийдвэр тойм: №9
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.
Б.Цэрэндорж, Н.Болормаа нар нь “Залилах” гэмт хэрэгт,
Д.Батбаяр, Т.Баясгалан нар нь “Залилах” болон “Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдсон.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/739 дүгээр шийтгэх тогтоолоор Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж, Н.Болормааг “Залилах” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны дараа эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Цэрэндоржийг “Залилах” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.
Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч, шүүгдэгч Б.Цэрэндорж болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Батбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, анхан шатны хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна гэж дүгнэв.
Тодруулбал, анхан шатны шүүх хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгыг шүүхийн шийдвэрт тусгах бөгөөд шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, үндэслэл болгосон нотлох баримтуудаас аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг зөрчсөн байна.
Түүнчлэн, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болж заавал биелүүлэх бөгөөд тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ДШМ/769 дүгээр магадлалд заасан үндэслэлийг биелүүлээгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байгаа болно.
Энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч шийдвэрлэлээ.
Тойм бэлтгэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn