-- ХАСХОМ-ИЙГ ШИНЭЧЛЭГДСЭН СИСТЕМД ХЭРХЭН МЭДҮҮЛЭХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА --
Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ашиг сонирхлын зөрчлийг илэрхийлэх мэдэгдэл, тайлбар) гаргуулах нь албан тушаалтанд ашиг сонирхлын зөрчил үүсэх болон үндэслэлгүйгээр хөрөнгөжихөөс урьдчилан сэргийлэх, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, нийтийн албанд шударга, ил тод байдлыг бэхжүүлэх, олон нийтийн хяналтыг хангах чухал ач холбогдолтой байдаг.

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтан нь Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ жил бүр шинэчлэн гаргах үүрэгтэй.

Иймд дээрх хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэл болон мэдүүлэг гаргагчаас хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг болох зорилгоор мэдүүлгийн маягт дахь нэр томьёоны тодорхойлолт, түгээмэл гардаг асуултад хариулсан сургалтыг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн эрх бүхий албан тушаалтан С.Хэрлэн зохион байгууллаа.

Тус сургалтад Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн албан хаагчид хамрагдаж, ХАСХОМ-ийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх ач холбогдол бүхий мэдээлэл, зөвлөмжийг авсан юм.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn