-- ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ТУС ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ --
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Ч.Баянжаргал, Г.Даваадорж, М.Мөнхдаваа, Л.Өлзийжаргал, С.Энхбаатар, Х.Эрдэм-Ундрах нар 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхийн шүүгчид болон шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзаж, шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлогын цөм, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, шүүхүүдэд тулгамдаж буй нийтлэг асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн шүүхийн хүний нөөц, төсөв, эдийн засгийн баталгаа, шүүхийн байр, шүүгчийн хараат бус байдал, шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгөв.
Тус шүүхийн шүүгчид болон захиргааны ажилтнуудын зүгээс шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажлын ачаалал өндөр, шүүгчийн туслахын орон тоо дутмаг, судлаач туслах болон сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай байгаа талаар дурдлаа. Мөн шүүх хуралдааны танхимын техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангалтгүй байгаа, шүүхийн байранд их засвар хийх, ариун цэврийн өрөөний нөхцөл хангалтгүй, халуун усгүй зэрэг тулгамдсан асуудлыг хөндөн, санал хүсэлтээ илэрхийллээ.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон гишүүд тус шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудын дэвшүүлсэн асуудал, санал хүсэлтэд хариу өгч, эдгээр асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар хариу мэдээлэл өгч, үе шаттай шийдвэрлэхээ илэрхийлэв.


НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn