ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

Шийдвэрийн дугаар: 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр №1207 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Шийдвэрийн тойм: №5

 Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/1207 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Б.С, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцлээ. 

Прокуророос шүүгдэгч Б.Б нь насанд хүрээгүй /14 нас, 04 сартай/ Э.Ц-ийн бэлгийн эрх чөлөөнд халдан, хүч хэрэглэж, түүний хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцаанд орсон буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

шүүгдэгч О.Д нь 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 05 дугаар сарын 28-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр насанд хүрээгүй /13 нас, 03 сартай/ хохирогч Г.Н-тай бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн,

мөн О.Д, Б.Б нар нь бүлэглэн, 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр, 05 дугаар сарын 26, 28-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр насанд хүрээгүй хохирогч Г.Н /13 нас, 03 сартай/, Э.Ц /14 нас, 04 сартай/ нарын биеийг нь үнэлүүлж ашиг олох зорилгоор орон гэрээсээ дайжсан, хонох газаргүй, мөнгө санхүүгийн дутагдалтай зэрэг эмзэг байдлыг нь далимдуулж элсүүлсэн, цахим орчинд “санхүү авна” гэх зарыг байршуулж, **-** УНР улсын дугаартай “Тоёота Марк Экс” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн гэртээ орогнуулсан буюу хохирогч нарыг хүүхэд гэдгийг мэдсээр байж, хоёр хүнийг худалдаалж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Б.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж,

шүүгдэгч Б.Б-ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

шүүгдэгч О.Д-ийг бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

мөн хохирогчийг хүүхэд гэдгийг мэдсээр байж биеийг нь үнэлүүлэх зорилгоор эмзэг байдлыг нь далимдуулж, элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан гэмт хэргийг хоёр түүнээс дээш хүнийг худалдаалж үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар тус тус гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулж, нэмж нэгтгэвэл зохих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч нарыг биеийг үнэлүүлэх ажиллагаанд нэг удаа цуг явсан хэдий ч уг гэмт хэргийг үйлдэх санаа зорилго, сэдэлт, насанд хүрээгүй хохирогч нарын биеийг үнэлүүлэх талаар ямар нэгэн идэвхтэй үйлдэл, оролцоотой байсан гэдэг нь бүрэн тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Б-д холбогдох дээрх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шүүгдэгч Б.Б уг хэрэгт хамтран оролцсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв. 

 

Шүүгдэгч О.Д-ийн өмгөөлөгч Б.С “...бэлгийн мөлжлөг гэмт хэргээр хөнгөрүүлэн зүйлчлүүлэх...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзав.

 

Манай улс Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд “Хүн худалдаалах” гэмт хэргийг НҮБ-ын Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцын нэмэлт Палермогийн протокол, Хүн худалдаалахтай тэмцэх тухай Монгол Улсын хуулийн агуулгад нийцүүлж хуульчилсан ба Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын нэмэлт болох “Хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай протокол”-ын 2 дугаар зүйлийн “а”-д “...хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх ба түүнтэй тэмцэх, ингэхдээ эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хувьд тусгайлан анхаарал тавих;...”, 3 дугаар зүйлийн “a”-д “...Мөлжих гэдэгт наад зах нь бусдын биеийг үнэлүүлэх буюу бэлгийн харилцаанд оруулан мөлжих бусад хэлбэрүүд, ...зэргийг ойлгоно;” гэж, 

“Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг хүүхдийн эрхийн тухай конвенци”-д оруулах нэмэлт протоколын 1 дүгээр зүйлд “Энэхүү Протоколд зааснаар оролцогч улсууд хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх болон хүүхдийг садар самуунд сурталчлахыг хориглоно.”, 2 дугаар зүйлийн “b”-д “...хүүхдийн биеийг үнэлэх гэж шан харамж буюу бусад аливаа төлбөрийн хэлбэрээр хүүхдийг бэлгийн харилцаанд ашиглахыг хэлнэ;...” гэж тус тус заажээ.

Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын нэмэлт болох “Хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай протокол”-ын 3 дугаар зүйлийн б-д хохирогч өөрийг нь мөлжих гэж байгааг зөвшөөрсөн эсэхийг үл харгалзан хүн худалдаалах гэмт хэрэгт тооцохоор томьёолжээ.

Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан “Хүн худалдаалах” гэмт хэрэг нь хохирогчийн биеийг үнэлүүлэх, бусад хэлбэрээр мөлжих, боолчлох, албадан хөдөлмөрлүүлэх, эд, эрхтнийг нь авах зэргээр хүний төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглах гэсэн санаа зорилготой байдаг болно. Үүний тулд хохирогчид хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, хуурч мэхлэх, эрх мэдлээ ашиглах, төлбөр төлөх, хахуульдах, хохирогчийн сул тал, эмзэг байдлыг далимдуулах зэрэг арга хэрэглэсний үр дүнд өөрийн бүрэн хараа хяналтаа тогтоож, элсүүлсэн, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан, хүлээн авсан үйлдлүүд энэ гэмт хэргийн шинжид хамаарна. 

Хүн худалдаалах гэмт хэрэгт зарим талаараа нийцэх бэлгийн мөлжлөгийн шинжтэй үйлдлийг хууль тогтоогч бие даасан гэмт хэрэгт тооцож, хохирогчийн халдашгүй, чөлөөтэй байх эрх, өөрийн хүслээр зорчих, бусадтай харилцах эрх чөлөөнд хяналт, хязгаарлалт тогтоосон шинжгүй байхаар хуульчилсан тул эдгээр гэмт хэргүүдийн ижил төстэй болон ялгаатай шинжүүдийг зөв тодорхойлж хэргийн зүйлчлэлийг тогтоох нь шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой юм. 

Бага насны буюу 13 нас 4 сартай Г.Н болон 14 нас 5 сартай Э.Ц нарыг гэр бүлийнхэнтэйгээ таарамжгүй харилцаатай, гэрээсээ зугтсан очих газаргүй байдлыг нь далимдуулан фэйсбүүк цахим орчинд “санхүү авна” гэх зар байршуулж, мөнгөтэй болъё гэж ятган зөвшөөрүүлэх замаар хохирогч нарыг биеэ үнэлэхэд элсүүлж, үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 04 дүгээр сарын 17, 05 дугаар сарын 26, 28-ны өдрүүдэд нэр бүхий иргэдтэй харилцаа тогтоож, улмаар насанд хүрээгүй хохирогч нарыг нэг газраас нөгөө газар тээврийн хэрэгслээр зөөвөрлөхөөс гадна уг ажиллагаанд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх буюу насанд хүрээгүй хохирогч нарт идэж, уух хоол хүнс болон хүмүүстэй уулзахаар явах үед нь өмсөх тирко зэргийг авч өгөх зэргээр хүн худалдаалах гэмт хэрэгт тээвэрлэсэн, мөн насанд хүрээгүй хохирогч Г.Н, Э.Ц нарыг өөрийн гэртээ орогнуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд заасан “Хүн худалдаалах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 “...хүүхдийг мэдсээр байж...” гэсэн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан байна.

Мөн Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн тайлбарт “хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.” гэж заасанд дээр дурдсан хэргийн зүйлчлэлийн талаарх дүгнэлт нийцсэн байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн бөгөөд  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт тухайн зүйл, заалтад заасан хорих  шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, ялын зорилгыг хангасан байна гэж үзэж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Уг шийтгэх тогтоол, магадлал нь УДШ-н хяналтын шатны шүүх хуралдаанаар “шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой эсэх” гэсэн үндэслэлээр хэлэлцэгдэн тогтоол, магадлал хэвээр үлдсэн болно.

 

Тойм бичсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг 

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn