2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг болон тус шүүхийн шүүгч нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ч.Баянжаргал, Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газрын дарга Т.Сосорбарам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүхийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн “Твиннинг” төслийн суурин зөвлөх Кристоф Копецки болон богино хугацааны зөвлөх Карл-Хаинц Волески, Гудрун Шеперс нартай уулзалт хийлээ.

Тус уулзалт нь “Твиннинг” төслийн хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд зөвлөхүүд Монгол Улсын шүүгчийн ажил мэргэжлийн замналын тогтолцоонд үнэлгээ хийх, Европын Холбооны гишүүн орнууд, тэр дундаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын шүүгчийн карьерын тогтолцоо, туршлагыг хуваалцах, цаашид хэрэгжүүлэх санал, зөвлөмж, шийдэл боловсруулах зорилгоор Монгол Улсад ажиллаж байна.

Уулзалтын үеэр зөвлөхүүд Герман Улсын бүсийн шүүхийн тогтолцоо, бүтэц, үйл ажиллагаа, шүүгч болох үе шат, тавигдах шалгуур нөхцөл, улсын нэгдүгээр болон хоёрдугаар шатны шалгалтын тогтолцоо, шүүгчийг сонгон шалгаруулах хорооны бүтэц, үйл ажиллагаа, ерөнхий шүүгчийн чиг үүрэг, мөн шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны үнэлгээ болон туршилтын хугацааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Түүнчлэн талууд харилцан санал солилцож, шүүгчийн хараат бус байдал, мэргэжлийн хөгжил, хүний нөөцийн бодлогын хүрээнд цаашид хэрэгжүүлэх боломжит арга хэмжээний талаар ярилцав.
Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байр болон үйл ажиллагаатай танилцсан юм.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn