-- АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖ ШИЙДВЭРЛЭВ --
Шийдвэрийн дугаар: 2026 оны 04 дүгээр сарын 09 өдөр №422
Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болоогүй.
Шийдвэр тойм: №9
Жолооч М нь өөрийн тээврийн хэрэгслийн хаалганы бариулаас Э-г барьж байгааг мэдсээр байж тээврийн хэрэгслэлээ хөдөлгөж явснаас Э чирэгдэн унаж хүнд гэмтэл авчээ.
Прокуророос М-ийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзээд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харъяалах анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны тойргийн шүүх М-ийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод, хуульд заасан торгох ялаар шийтгэжээ.
Шүүгдэгч М-ийн өмгөөлөгчийн гаргасан “М нь анхнаасаа хохирогчийг гэмтээж, хохирол хор уршиг учруулах санаа зорилго байгаагүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргээр зүйлчилж өгөх” талаар гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд тухайн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Тодруулбал, болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэргийг тухайн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирч болохыг мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан, эсхүл хайхрамжгүй хандсан байдлаар үйлддэг бол санаатай үйлдэгдсэн гэмт хэргийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсэн атлаа хүсэж үйлдсэн байдгаараа болгоомжгүй гэмт хэргээс ялгагддаг байна.
Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn