-- ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2024.10.15 МЯГМАР ГАРАГ 1 ДҮГЭЭР ТАНХИМ --
Туршилтаар
Алдаатай гүйлгээг мэдсээр байж завшиж их хэмжээний хохирол учруулжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр иргэн Нямсүрэнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэн Нямсүрэн нь өөрийн хувь эзэмшдэг “П” ХХК-аар Сүхбаатар дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “О” ХХК-тай бараа нийлүүлэхээр гэрээ байгуулсны дагуу “О” ХХК-иас 1030 ширхэг буюу 20,6 хайрцаг төмөр боолт авахаар тохиролцсон боловч программын алдаанаас болж 1 ширхэг нь 2844 төгрөгийн үнэтэй төмөр боолтны үнийг 1 хайрцаг / 142200 төгрөг /төмөр боолтны үнээр тооцсон “П” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу “О” ХХК нь “П” ХХК-ийн эзэмшлийн дансанд 169.623.905 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд уг гүйлгээг алдаатай гэдгийг “П” ХХК нь мэдсээр байж илүү шилжүүлсэн 157.827.780 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос “П” ХХК-ийн захирал Нямсүрэнг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх Нямсүрэнг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдсэнийг мэдсээр байж завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулинд зааснаар түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуульд зааснаар төлөгдөөгүй үлдсэн 104.054.275 төгрөгийг гаргуулж хохирогч “О” ХХК-нд олгохоор шийдвэрлэжээ.
Харин, давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Нямсүрэн болон түүний өмгөөлөгчийн зүгээс “...эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Нямсүрэнг гэм буруугүй болохыг тогтоож өгнө үү. ...” гэсэн агуулгатай гомдол гаргасанаар хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд, анхан шатны шүүх гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн.
Учир нь, “О” ХХК нь бараа захиалах систем дэх хэмжих нэгжийн алдаа гарснаас үүдэн бодит байдал дээр 1030 ширхэг нийт 3.284.820 төгрөгийн үнэтэй эд зүйлийг 1030 хайрцаг мэтээр андуурч бичсэн захиалгын хуудасны дагуу 169.623.905 төгрөгийг “П” ХХК-нд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан компаниудын дансны хуулга, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, төлбөрийн баримт, ачааны жагсаалт, үнэлгээний тайлан, гэрч нарын мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдож Нямсүрэнг алдаатай гүйлгээг хийгдсэнийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг агуулгын хувьд хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй https://shuukh.mn/cases/2/2 линкээр танилцана уу.
Хураангуй бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн
Давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn