Гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна

Туршилтаар

 

Гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна

 

Шийдвэрийн дугаар: 2022 оны 9 сарын 13 өдөр 893 

Шийдвэрийн төлөв: 

2022.11.15 шийдвэр-хураангуй: дугаар 8

 

Э нь хохирогч О-той хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний биеэс зуурч татах, үснээс нь зулгаах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун шилбэ, баруун бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Прокуророос “Э”-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх “Э”-г уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г-н 1.150.900 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэсэн.  

            Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах байдлаар өөрчлөлт оруулсан. Үүнд: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт прокурорыг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрыг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй байна.  

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч П.Г-н нэхэмжилсэн 1.150.900 төгрөгийг шүүгдэгч Э-ээс гаргуулж, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзжээ.        

            Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй  https://shuukh.mn холбоосоор танилцана уу.


Хураангуй бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар

 

 

 

 

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn