Улаан номд орсон амьтны түүхий эдийг худалдах зорилгоор хадгалж авч явсан этгээдэд торгох ял оногдуулжээ

Шийдвэрийн дугаар: 2022 оны 7 сарын 19 өдөр 732 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон. 

2023.01.24 шийдвэр-Тойм: №1

 

Д нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор ан амьтны жагсаалтад оруулсан Алтайн хойлог /Tetraogallus altaicus/-ийн түүхий эд болох 1 бодгалийг 2022 оны 1 дүгээр сард бусдаас худалдан авч хадгалсан, улмаар 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг бусдад худалдах зорилгоор хадгалж авч явсан гэмт хэрэгт холбогдуулан прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Алтайн хойлог /Tetraogallus altaicus/ нь ховор амьтны жагсаалт болон Монгол Улсын улаан номд орсон ховор зүйлийн шувуу юм.

 Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1-р хавсралтын Ан-амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр Алтайн хойлгийн нэг толгойг 130.000 төгрөгөөр үнэлсэн байна. Амьтны тухай хуулийн 37.2-т амьтны аймаг учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцохоор заасан байдаг аж. 

Анхан шатны шүүх Д-н ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг бусдад худалдах зорилгоор хадгалсан, авч явсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.  

Харин давж заалдах шатны шүүх нь шүүгдэгчид оногдуулсан дээрх ялын төрөл, хэмжээ нь түүний үйлдэлд тохирсон гэж үзсэн байна. 

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй  https://shuukh.mn холбоосоор танилцана уу.

                                                                                              

Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn