-- ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2024.11.28 ПҮРЭВ ГАРАГ 2 ДУГААР ТАНХИМ --
Шийдвэрийн дугаар: 2023 оны 02 сарын 16 өдөр 208
Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон
2023.02.27 Шийдвэр тойм: дугаар 5
Иргэн О нь согтуурсан үедээ К-г хүчиндэхийг завдаж, түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан, тухайн үйлдлийг зогсоох гэж оролдсон иргэн Л-г мөн зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх О-г дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О нь “...би иргэн К-г хүчиндэхийг завдаагүй тул хэрэгсэхгүй болгоно уу...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүхээс хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэсэн байна.
Учир нь гэмт хэрэгт завдах нь тодорхой гэмт хэрэгт чиглэсэн хүний үйлдэл нэгэнт эхэлсэн, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл үүссэн боловч гэмт хэрэг үйлдэж байгаа хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалан гэмт хэрэг нь төгсөөгүй байх гэсэн үндсэн шинжтэй.
Харин Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ял нь төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялаас ялгаатай буюу аль болох бага байхаар заасан байхад анхан шатны шүүхээс О-д төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээгээр хорих ял оногдуулсан нь буруу болсон гэж үзсэн байна.
Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх харгалзан шүүгдэгч О-н хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж, гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн өөрчлөв.
Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй https://shuukh.mn/ холбоосоор танилцана уу.
Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn