ТОРГОХ ЯЛЫГ ХОРИХ ЯЛААР СОЛЬСОН НЬ ХУУЛЬД НИЙЦСЭН ГЭЖ ҮЗСЭН БАЙНА

 

Шийдвэрийн дугаар: 2023 оны 3 сарын 29-ний өдөр №17 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй. 

2023.03.29 шийдвэр-тойм: №9

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”. 

Т нь нэгэн сүлжээ дэлгүүрт менежерээр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулж өгсөн 16 нэр төрлийн 7,891,000 төгрөгийн бараа материалыг завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, 11,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн ба шүүх уг торгох ялыг 3 жилийн хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлөх хугацааг тогтоож өгчээ. 

Т нь шүүхээс тогтоосон 3 жилийн хугацаанд 11,000,000 төгрөгийн торгох ялаас 2,000,000 төгрөгийн ялыг төлж, 9,000,000 төгрөгийн торгох ялыг хугацаандаа төлж дуусгаагүй учир прокурор “Торгох ялыг хорих ялаар солих тухай” прокурорын дүгнэлт бичиж шүүхэд шилжүүлжээ. 

Шүүх Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлд заасан “...Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино. ...” гэсэн заалтыг үндэслэн ялтан Т-ийн төлөөгүй 9,000,000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож 600 хоногийн хорих ялаар сольж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэжээ.

Т нь “...Ковид-19 цар тахлын нөлөөлөл, хил гаалийн хаалттай байдал, хөл хорионы улмаас ажил төрөл хийх, орлого олох боломжгүй нөхцөл байдалд орсноос торгуулийн ялыг биелүүлж чадаагүй. Торгох ялаа нэн даруй төлнө, хорих ялыг буцаан торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргаснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд;

Торгох ял нь Эрүүгийн хуульд заасан үндсэн төрлийн ял бөгөөд хуульд заасан үндэслэл, журмаас өөр нөхцөлөөр ялыг хойшлуулах болон Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх, биелүүлэхгүй байх талаар заагаагүйгээс гадна Т нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс торгох ялаа биелүүлэх талаар шаардахад “...ажилтай болоод очиж чадахгүй байна,  төлнө...” гэсэн тайлбарыг өгч байсан зэргийг үндэслэн торгох ялыг хорих ялаар сольсон анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж хэвээр үлдээж, Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

   Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn