Ж.Золбаярын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдэлд эрүүгийн хариуцлага оногдуулах тухай
Шийдвэрийн дугаар: 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр № 810
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
2023.8.10 шийдвэр-хураангуй: №15
Ж.Золбаяр нь 2022 оны 10 дугаар сард Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 Тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 12.7 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 20 дугаар байрны 15 тоотод хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос Ж.Золбаярыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, үргэлжилсэн үйлдлээр хадгалсан хэмээн дүгнэж, яыллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх Ж.Золбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, үргэлжилсэн үйлдлээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ж.Золбаярын өмгөөлөгч Ж.Жавзандулам, Г.Нямдалай нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо “...оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү. ...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Ж.Золбаярын сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, үргэлжилсэн үйлдлээр хадгалсан гэмт хэрэгт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, түүнд оногдуулсан ял шийтгэл нь хүндэдсэн гэж үзэх үндэслэлгүй, оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзах үндэслэл тогтоогдоогүй, анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй https://shuukh.mn холбоосоор танилцана уу.
Хураангуй бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ