ОЮУТАН СУРАГЧИД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 “Шүүхийн үйл ажиллагаа ил тод нээлттэй байна” гэж заасны дагуу шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтийн саналыг авах үүднээс 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Нээлттэй шүүх” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт Нийслэлийн Ерөнхий боловсролын Эрдмийн Ундраа цогцолбор сургуулийн сурагчид болон МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд оролцож шүүхийн үйл ажиллагааны онцлог болоод шүүхийн орчин нөхцөлтэй танилцлаа. 

Тус арга хэмжээнд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж нар оролцож сурагчдын сонирхсон асуултад хариулсан юм.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш шүүх эрх мэдлийн тухай ойлголтын талаар мэдээлэл өгч, хэрэг хүлээн авахаас шийдвэрлэх хүртэлх шүүхийн процесс ажиллагааг Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Г.Нямбаяр, шүүгчийн туслах Ч.Халиун нар танилцууллаа.

Сурагчид шүүх хуралдааны танхим, шүүгчийн өрөөтэй танилцаж, шүүхийн үйл ажиллагааны талаарх санал асуулгад QR код ашиглан оролцсон нь сонирхолтой байсан талаар санал сэтгэгдлээ илэрхийлж байв.

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас цаашид нээлттэй шүүх өдөрлөгийг илүү өргөн цар хүрээг хамруулан зохион байгуулахаар боллоо.


                            НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn