Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг биелүүлэх, хүлээлгэсэн үүргийг биелүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтаас зайлсхийсэн ялтны хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ

Шийдвэрийн дугаар: 2023 оны 11 сарын 21-ний өдөр  №57 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй. 

2023.10.12 шийдвэр-хураангуй: дугаар ..

          

 Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.

 

А нь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн учир шүүхээс “хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авч, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа шийдвэр гүйцэтгэгчид урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэжээ. 

Гэтэл ялтан А нь 2023 оны 4 дүгээр сараас эхлэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэснийг биелүүлэлгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтаас зайлсхийсэн тул албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэгэн аймгийн суманд оршин сууж байсныг олж тогтоосон байна. 

Ингээд прокуророос А-г шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй гэж үзэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр прокурорын дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хүргүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж хуульчилсан. 

Дээрх хуулийн зохицуулалтыг үндэслэн анхан шатны шүүх өмнөх шүүхийн гаргасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн” шийдвэрийг хүчингүй болгож, А-д хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Энэ шийдвэрийг А эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, гомдлыг нь хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.   

Харин анхан шатны шүүх ялтны цагдан хоригдсон 34 хоногийг оногдуулсан хорих ялаас хасаж тооцоогүй орхигдуулсныг зөвтгөж, зохих өөрчлөлтийг оруулсан байна.  


                 Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn