ХҮҮХДИЙН ТАВЬСАН ШААРДЛАГЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЗҮЙ БУС ҮЙЛДЭЛ ГАРГАСАН ЭТГЭЭДЭД ОНОГДУУЛСАН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ

Шийдвэрийн дугаар: 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2024/ДШМ/127 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй. 

2024.01.30 шийдвэр тойм: №3

 

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.

            

        40 гаран насны согтуу эр бусдын автомашин руу шээж байхад нь 14 орчим насны нэгэн хүүхэд “та машин руу шээхээ болиоч” гэсэн шаардлага тавихад нь түүнийг заамдан авч толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.


     Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэжээ. 

   Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Т.З-н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...миний үйлчлүүлэгчийн хувийн байдал болон ажил хөдөлмөр эрхэлж байгаа, мөн гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэх бөгөөд өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцээд, түүнийг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. 

Учир нь, шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг гэх ажлын байрны тодорхойлолт, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэх нотлох баримтыг хэрэгт гарган өгсөн бөгөөд тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн. 

Гэвч тэрээр, архидан согтуурсан үедээ насанд хүрээгүй хохирогчийн тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцсэн, улмаар олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явсан буюу үл таних хүний автомашин руу шээсэн гэх үйлдэл гаргасан бөгөөд дээрх үйлдэлтэй холбоотой шаардлага тавьсан хүүхдэд гэмтэл учруулсан байна. 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан, улмаар тус гэмт хэргийг үйлдсэн нь холбогдох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn