Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд прокурорын санал голлох ач холбогдолтой

Шийдвэрийн дугаар: 2024.01.18 №113

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

2024.02.29 шийдвэр-тойм: №7

   Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.

С.Б нь 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Э.М-д “ах нь машин мөргөчихлөө, удахгүй мөнгө орж ирэхээр аваад өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний “Iphone 13 promax” загварын гар утсыг ломбардад барьцаанд тавьж, бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт холбогдож, мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч С.Б-г шүүх хуралдаанд хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр ердийн журмаар хянан шийдвэрлэж, С.Б-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

Харин давж заалдах шатны шүүх С.Б-д холбогдох хэргийг ...гомдлоор бүхэлд нь хянаад прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуульд байхгүй үндэслэлээр ердийн журмаар шийдвэрлэхээр шилжүүлсэн нь буруу болсон байна гэж дүгнэжээ. 

Тодруулбал, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 6 дах хэсэгт заасан нөхцөл хангагдаагүй тохиолдолд ердийн журмаар шийдвэрлэхээр шилжүүлэх хуулийн заалтыг зөрчиж, шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр С.Б-д холбогдох хэргийг ердийн журмаар шийдвэрлэж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэж, прокурорын шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу прокурорын саналын хүрээнд торгох ял болгон өөрчилж шийдвэрлэв. 

Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа

 

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn