-- ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР 2024.11.28 ПҮРЭВ ГАРАГ 2 ДУГААР ТАНХИМ --
Магадлалын дугаар: 2024 оны 3 сарын 5-ны өдөр №287
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
2024.04.25 шийдвэр-тойм: №10
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.
Өсвөр насны шүүгдэгч Б нь сургуулийнхаа гадаа хөл бөмбөгийн талбайд хүүхдийн баруун шанаа хэсэгт нь гараараа нэг удаа цохисноос түүний зүүж байсан нүдний шил хагарч, баруун нүдэнд нь шилний хагархай зоогдож “...баруун нүдний хараагүйдэл...” гэсэн хүнд хохирол санаатай учруулжээ.
Анхан шатны шүүх;
Өсвөр насны шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг баримтлан оногдуулсан 4 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж,
хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдэж,
иргэний хариуцагч Э-с 27,336,215 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, цаашид гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх;
Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт оногдуулахаар заасан торгох, хорих гэсэн ялын төрлүүдээс хорих ялыг сонгож, 2-8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаас 4 жилийн хугацаагаар хорих ялыг түүнд оногдуулж, уг хорих ялыг өсвөр насны буюу 18 насанд хүрээгүй этгээдэд хэрэглэдэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хоёр дахин багасгаж оногдуулсан нь хүнд биш бөгөөд тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, гэм бурууд тохирчээ гэж үзэж, ялыг багасгах талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон.
Мөн хохирогчийн нүдний хараагаа тогтоох, цаашид муудуулахгүй байхын тулд хийгдэх эмчилгээний зардлыг нэхэмжилж, нотлох баримтаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсад эмчлүүлэх зардлын задаргааг гаргаж өгснийг үндэслэн анхан шатны шүүх тухайн 27,3 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Иргэний хариуцагч, өсвөр насны шүүгдэгчийн эх Э-ээс гаргуулахаар шийдвэрлэсэн 27,3 сая төгрөг нь хохирогчийн эрүүл мэндэд буюу нүдний хараагүйдлээ эмчлүүлэхэд нэн шаардлагатай эмчилгээний төлбөр байна гэж дүгнээд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...хохирлыг урьдчилан гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрсөн...” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн.
Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах.
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn