Прокурорын шийдвэрт гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад хэргийг шүүхэд шилжүүлэх нь оролцогчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдалд хамаарна

Шийдвэрийн дугаар: 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр №330

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

2024.4.24 шийдвэр-тойм: №11

 

 Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.

 

Г нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах тус тус гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Г-д холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцээд, прокуророос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн гаргасан гомдлыг шийдвэрлэх хуульд заасан хугацаа дуусаагүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14-т заасан “хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол” үндэслэлд хамаарч байна гэж үзээд прокурорт буцаажээ.

Прокурор бичсэн эсэргүүцэлдээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогчийн гомдол гаргах хуулийн хугацаа дуусаагүй тохиолдолд яллах дүгнэлт үйлдэхгүй, яллах дүгнэлт гаргуулахгүй байх талаар нарийвчлан зохицуулаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ.” гэж зааснаар гомдлыг хэргийн хамт шүүхэд шилжүүлсэн” гэжээ.

Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлээр Г-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд, “прокурорын шийдвэрт гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад хэргийг шүүхэд шилжүүлэх нь оролцогчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдалд хамаарч байна” гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ.” гэж заасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэх агуулгаар тусгагдаагүй бөгөөд яллах дүгнэлт гардуулснаас хойш тухайн хэрэгт ямар нэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, эсхүл тодорхой нэг ажиллагаа хийгдсэн бол хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн байх, тухайлбал оролцогчид хуульд заасан үндэслэлээр эрх эдлүүлэхээр заасан тухайн ажиллагааг зөрчилгүй явуулсны дараа хэрэглэх зохицуулалт гэж ойлгоно.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэв.   

 

           Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn