Нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгосон гэж үзжээ
Шийдвэрийн дугаар: 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр №1123
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Шийдвэр тойм: №18
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.
О.Т нь хорооны Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон ажлын байрандаа Г.Ч-г хэсгийн ахлагчаар томилсон захирамж гаргаж, ажиллаагүй байхад нь 9 удаагийн гүйлгээгээр Хас банкны данс эзэмшигч Г.Ч-н дансанд цалин гэж 4.576.508 төгрөгийг шилжүүлэн өөртөө авч захиран зарцуулсан, мөн түүний нийгмийн даатгалын шимтгэл 504.950 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 348.502 төгрөгийн тус тус төлж, Засаг даргын тамгын газарт 5.430.000 төгрөгийн хохирол учруулсан, Г.Ч-н дансыг ашиглаж “хандив” нэрийдлээр 300.000 төгрөг, 100.000 төгрөгийг тус тус өөрөө авч захиран зарцуулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх О.Т-г дээрх үйлдэлд нь гэм буруутайд тооцож, түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч О.Т “зорчих эрх хязгаарлах ялын хүрээ хязгаарыг өргөжүүлж, нийтийн албанд томилогдох эрхийг хассан хугацааг багасгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
Учир нь, О.Т нь Засаг даргаар ажиллаж байхдаа өөрөө давуу байдал бий болгож, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор хуулиар олгогдсон эрх мэдлийн байдлаа ашиглаж, ажиллаагүй хүнийг ажилласан мэтээр тушаал гаргаж, уг хуурамч тушаалыг үндэслэн цалин гэж 5.430.000 төгрөг, хандив гэж 400.000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээндээ захиран зарцуулсан нь Эрүүгийн хуульд заасан Авлигын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Мөн Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон байх ёстой бөгөөд анхан шатны шүүхэс оногдуулсан зорчих эрх хязгаарлах, нийтийн албанд томилогдох эрх хасах ял нь О.Т-ийн үйлдэлд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн.
Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ.