ЦЭРГИЙН ЗАХИРАГЧИД ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛЖЭЭ

Шийдвэрийн дугаар: 2024 оны 10 сарын 24-ний өдөр №1188 
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй. 
2024.12.05 шийдвэр тойм: №4

            Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй  https://shuukh.mn холбоосоор танилцана уу.

        Цэргийн ангийн салаан захирагчийн орлогч Т нь “Цэргийн дотоод алба”-ны дүрмийн 7 дугаар зүйл /Цэргийн алба хаагч хоорондын харилцаа/-д заасныг үргэлжилсэн үйлдлээр зөрчиж, “жагс команд өгсөн байхад хоцорч ирсэн”, “байрны цэвэрлэгээ муу хийлээ” гэх шалтгаанаар нэр бүхий 22 байлдагчид хүч хэрэглэн дүрмийн бус байдлаар харьцсан гэмт хэрэгт холбогдуулан прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
           Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлд Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба” хаах үндсэн үүрэгтэйг хуульчилсан. 
Цэргийн алба хаагч нь алба хаах хугацаандаа Монгол улсын Үндсэн хууль болон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан нийтлэг эрхийг эдэлж, үүргийг хүлээхээс гадна “Цэргийн дотоод албаны дүрэм”-ээр тогтоосон цэргийн алба хаагч хоорондын харилцааны хэм хэмжээг чанд сахих үүрэгтэй. 
        Уг дүрэмд цэргийн нийтлэг дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчиж хоорондоо харилцахыг дүрмийн бус харилцаа гэж үзэхээр заасан байна.
        Эрүүгийн хуульд заасан “Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэрэг гэдэгт өөрт нь захирагдсан цэргийн алба хаагчид дүрмийн бус аргаар хүч хэрэглэсэн захирагч, дарга нь Цэргийн дотоод албаны дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчиж, дүрмийн бус байдлаар харьцаж, захирагдагчаа зодож, эсхүл хүч хэрэглэснээр уг гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогддог.
        Т нь “жагс команд өгсөн байхад хоцорч ирсэн”, “байрны цэвэрлэгээ муу хийлээ” гэх шалтгаанаар хүч хэрэглэн, нэр бүхий 22 байлдагчийн чихийг мушгих, цээж, нүүр хэсэгт цохих, алчуураар гараа боож цээж хэсэгт нь цохих зэргээр хүч хэрэглэн, дүрмийн бус байдлаар харьцсан тул шүүхээс түүнд 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг давж заалдах шатны шүүх гомдлоор хянан хэлэлцээд “шүүгдэгчид оногдуулсан дээрх ялын төрөл, хэмжээ нь түүний үйлдэлд тохирсон” гэж үзсэн тул шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

    Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар


Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn