ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛЫН ДУУСГАВАР БОЛСОН ХУГАЦААГ ЗӨВ ТОГТООХ НЬ ЯЛТНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫГ ДЭЭРДҮҮЛНЭ

Шийдвэрийн дугаар: 2024 оны 06 сарын 06 өдөр 36 
2024.12.18 тойм: №23
Хүчин төгөлдөр болсон эсэх: Тийм

       Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй  https://shuukh.mn холбоосоор танилцана уу.

         Х нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлжээ.
       Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Х-г зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байхдаа шүүхээс хүлээлгэсэн үүрэг, шийдвэр гүйцэтгэгч, техникийн хяналтын хууль ёсны шаардлагыг биелүүлэх, шүүхээс тогтоосон хязгаарласан нутаг дэвсгэрт зорчихгүй байх зэрэг үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр шүүхээс оногдуулсан 01 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 06 сар 02 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар солиулахаар прокурорын дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
       Анхан шатны шүүх дээрх прокурорын дүгнэлтийг хүлээн авч, түүний зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 06 сар 02 хоногийг хорих ялаар сольж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
      Ингэхдээ Х-ын зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэн хугацааг тооцохдоо анхан шатны шүүхээс буруу тооцсон болох нь давж заалдах шатны шүүх хуралдаанаар тогтоогдсон.
      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсгийн 155.1.3 дахь заалтад “шүүхийн шийдвэрээр оногдуулсан ялыг өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээгээр солих тухай шүүхийн шийдвэр гарсан” гэж зохицуулсан бөгөөд Х нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр цахим бугуйвч зүүж эхэлснээр зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж, 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарснаар зорчих эрхийг хязгаарлах ял дуусгавар болжээ.
       Гэтэл прокуророос анхан шатны шүүхэд дүгнэлт үйлдэн шилжүүлсэн өдрөөр Х-ын зорчих эрхийг хязгаарлах ял дуусгавар болсон гэж үзсэн нь буруу юм.
    Ялтан оногдуулсан ялыг шүүхийн шийдвэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу эдэлж дууссан, оногдуулсан торгуулийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулсан бол шийдвэр гүйцэтгэгч ялтныг ял эдэлж дууссанд тооцох тухай тогтоол гаргаж, прокурорт хүргүүлдэг бөгөөд шүүхийн шийдвэрээр оногдуулсан ялыг өөр төрлийн ял албадлагын арга хэмжээгээр солих тохиолдолд шүүхийн шийдвэр гарсанаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж байгааг ялган анхаарах нь зүйтэй байна.
     Иймд Х-д оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас биеэр 187 хоног /2023.11.02-ноос 2024.05.07/-ийг эдэлж, 178 хоног буюу 05 сарын 28 хоногийн үлдэгдэлтэй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэв.

Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn