М.ПҮРЭВСҮРЭН: НИЙТ ШҮҮГЧИЙН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУУЛЬ ЗҮЙН ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГА БАЙНА

   Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн М.Пүрэвсүрэнтэй чуулганы талаар ярилцлаа.
 
     -Нийт шүүгчийн чуулганд хэдэн шүүгч оролцох вэ. Ажлын хэсэг чуулганы бэлтгэл ажлыг хангачихсан уу?
 
     -Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн чухал хэсэг нь яах аргагүй шүүх эрх мэдлийн байгууллагатай холбоотой зохицуулалт юм. УИХ-аас Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн баталж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хэдий боловч цар тахлаас шалтгаалан Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороонд ажиллах шүүгч гишүүдийг сонгох Нийт шүүгчийн чуулган хуралдаж чадахгүй өдий хүрлээ. Хуулийн хугацаа 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дуусаж байгаа учраас бид чуулганаа энэ сарын 11-ний өдөр товлон зарлаж, бэлтгэл ажлаа хангаад үндсэндээ дуусаж байна.
 
     Шүүхийн тухай хуульд нийт шүүгч хоёр жил тутамд цуглан хуралдаж, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой тодорхой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр заасан. Энэ удаа зохион байгуулагдах Нийт шүүгчийн анхдугаар чуулган дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын дэгдэлттэй давхцаж байна. Гэвч шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангах, шүүн таслах ажиллагааг тасралтгүй явуулах, нөгөө талаас хуульд тусгайлан хугацаа заасан зэрэг зайлшгүй шаардлагаар шүүгчдийн чуулганыг зохион байгуулж Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороог байгуулж ажиллуулах ёстой. 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсэг Улсын дээд шүүхээс хоёр, Нийслэлийн Эрүү, Иргэний болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тус бүр нэг, дүүргийн анхан шатны шүүхээс  шүүгчээр хамгийн олон жил ажилласан хоёр шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн одоо ажиллаж байгаа гишүүдээс хоёр хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Бид Гамшгийн тухай хуульд заасан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт тавигдах шаардлагад нийцүүлэн холбогдох төрийн байгууллагуудын заавар, зөвлөмжийг дагаж зохион байгуулалтаа ханган ажиллаж байгаа. Тухайлбал, нийт шүүгчийн дунд вакцинд хамрагдсан талаарх судалгаа, биечлэн оролцох шүүгчийн тоо, чуулганы үеэр баримтлах халдвар, хамгааллын дэглэм зэргийг тодорхой болголоо. Энэ удаагийн чуулганд 512 шүүгч оролцоно гэсэн тооцоо судалгаа байна.
 
     -Чуулган ямар дэгээр явагдаж, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх вэ?
 
     -Чуулган дэгээ өөрөө тогтоох бөгөөд ажлын хэсгийн зүгээс дэгийн төслийг Шүүхийн тухай хуульд нийцүүлэн боловсруулж, чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болгосон. Хуульд тооллогын комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүнийг нууц санал хураалтын үндсэн дээр сонгохоор заасан тул энэ агуулгаар нь дэгд оруулсан. Харин хуралдаан даргалагчийг чуулганаас сонгоно гэж зааснаас бус, санал хураалт явуулах хэлбэрийг нарийвчлан тусгаагүй учраас илээр сонгох хувилбарыг авсан. Уг дэгийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж, шүүгчдийн олонхын саналаар эцэслэн батлах юм. Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт Нийт шүүгчийн чуулганаар тодорхой таван асуудлыг хэлэлцэхээр заасан. Энэ удаагийн чуулган Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу анх удаа зохион байгуулагдаж байгаа онцлогийг харгалзан Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгох, Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах, Ерөнхий зөвлөлийн тайланг сонсох гэсэн гурван үндсэн асуудлыг хэлэлцэхээр тодорхойлсон. Бусад асуудлыг дараагийн чуулганаар хэлэлцэх боломжтой.   
 
  
   
     -Та сая Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батална гэлээ. Ер нь энэ журмыг нийт шүүгч хэлэлцэж байгаагийн  ач холбогдол юу вэ?
 
     -Өмнө нь хэрэг, маргааныг хүлээн авах, хуваарилах, шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох асуудлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан процессын хуулиудад нийцүүлэн тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэн баталсан журмын дагуу шийдвэрлэдгээс шүүх бүрд өөр байдлаар хэрэгждэг байлаа. Зарим шүүх тусгай программ ашиглан тохиолдлоор хуваарилах, сонгох журмыг хэрэгжүүлж байсан бол зарим шүүх шүүгчдийн нэрсийн дарааллыг харгалзан үздэг байсан. Энэ байдал нь олон нийтийн дунд хэрэг, маргааныг хуваарилах, шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилоход хөндлөнгийн нөлөө, оролцоо ордог гэх хардлага, шүүмжлэл дагуулсаар ирсэн. Иймээс Шүүхийн тухай хуулиар Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар буюу тохиолдлын журмаар томилох нийтлэг журмыг Нийт шүүгчийн чуулганаар батлах зохицуулалтыг хуульчилж өгсөн. Хүний оролцоогүйгээр цахим программ ашиглаж, урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох, хэрэг маргааныг хуваарилах асуудлыг шийдвэрлэсэн нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлөхийн зэрэгцээ хяналтын тогтолцоог бий болгосон гэж хэлж болно. Мөн энэ журам бүх шүүхэд удирдлага болгох нийтлэг шинжтэй үйлчлэх ач холбогдолтой. Энд нэг зүйлийг тодотгоход, тухайн шүүх уг нийтлэг журмаас гадна өөрийн онцлогт тохирсон нарийвчилсан журмыг батлах хуулийн заалт бий. Учир нь нэг шүүх гурван шүүгчтэй байхад нөгөөд нь 15 шүүгч ажиллаж байна. Шүүх шүүхэд ажлын ачаалал харилцан адилгүй учир дээрх журмыг өөрийн онцлогт тохируулан нарийвчлан зохицуулах шаардлага үүснэ.
 
     -Миний хэргийг нэг л шүүгч шийдээд байна гэсэн гомдол хэвлэл мэдээллийн хэрэгслээр их харагддаг. Журам батлагдсанаар энэ асуудал цэгцэрнэ гэж үзэж болох уу?
 
      -Ер нь хүн бүхэн хардах эрхтэй, үүнийг хязгаарлах боломжгүй юм. Хардаж байна гэдэг нь шүүхэд хөндлөнгийн хяналт байна гэсэн үг. Харин хэрэг, маргааныг хуваарилах болон хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг программын тусламжтайгаар санамсаргүй тохиолдлоор сонгох журам хэрэгжсэнээр энэ төрлийн хардлага, сэрдлэг багасахын зэрэгцээ хэрэв гомдол гарвал шийдвэрлэх арга, журам нь ил тод, нээлттэй, түргэн шуурхай явагдах болов уу.
 
      -Нийт шүүгчийн чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүн яг хэдэн хүнийг сонгох вэ. Өмнөх хуулиасаа энэ зохицуулалт ямар давуу талтай болсон бэ?
 
      -Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг, Сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгоно. Сахилгын хороо бол шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий шинээр байгуулагдаж буй Үндсэн хуулийн байгууллага юм.  Өмнө үйлчилж байсан Шүүхийн тухай багц хуулиар анхан болон давж заалдах,  хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгогдсон тус бүр нэг, Хуульчдын холбоо, Хууль зүйн яамнаас томилогдсон тус бүр нэг хүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Ерөнхийлөгч томилдог. Мөн шүүхийн төлөөлөл нь заавал шүүгч байхыг шаарддаггүй байлаа. Одоогийн хуулиар шүүхээс сонгогдох гишүүдийн тоог нэмэгдүүлснээр төлөөлөх чадавх өссөн, зөвхөн шүүгчид дотроосоо нэгнээ сонгосноор захиргааны байгууллагыг удирдах зохистой менежментийг хэрэгжүүлэх, гишүүнийг чөлөөтэй, тэгш байх зарчмыг баримталж нууц санал хураалтаар сонгосноор шүүхийн бие даасан байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
 
    -Чуулган цар тахлын үед болж байна. Олон шүүгч нэг дор цуглах нь хуультай зөрчилдөхгүй юу. Халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдүүлж байгаа вэ?  
 
     -Нийт шүүгчийн анхдугаар чуулган цар тахлын эрсдэлтэй нөхцөл байдалд болж байна. Гэхдээ зайлшгүй зохион байгуулах хууль зүйн болон нийгмийн шаардлага бидэнд тулгарч байгаа. Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар Нийт шүүгчийн чуулганыг хууль хүчин төгөлдөр болсноос хойш 120 хоногийн дотор буюу 2021 оны 6 дугаар сарын 24-ний дотор зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгох ёстой байсан. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хуулийн энэ хугацаанд зохион байгуулах боломжгүй болж хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хугацааг хойшлуулж, 2021 оны 10 дугаар сарын 15-ний дотор зохион байгуулахаар хуульчилсан.
 
     Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгээр Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах ажиллагааг биечлэн зохион байгуулахыг зөвшөөрсөн. Мөн ажлын хэсгийн зүгээс Улсын онцгой комисст албан ёсоор хандаж зөвшөөрөл авсан байгаа тул чуулганы үйл ажиллагаа цар тахлын үеийн хууль тогтоомжтой зөрчилдөөгүй.  Нөгөө талаас, шүүхийн ажлын ачааллыг бууруулахын тулд сул орон тоонд шүүгчийн сонгон шалгаруулалт явуулах, шүүхийн эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүрэгт хамааралтай ажлууд хуримтлагдсан байгаа. Үүнийг шийдвэрлэхийн тулд чуулганаа зохион байгуулж шүүгч гишүүдийг сонгон Шүүхийн ерөнхий зөвлөлийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг бүрдүүлэх нэн шаардлагатай байна. 
 
     -Ярилцсанд баярлалаа.  
     Ц.Баттогтох                                                                                             ЭХ СУРВАЛЖ: Өнөөдөр сонин 2021.10.08         №196 (7244)

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn