Б.ЗОЛБОО, Ч.ГАНХУЯГ НАРТ ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН МЭДЭЭЛЭЛ

Шийдвэрийн дугаар: 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр №163
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Шийдвэр тойм: №2

         Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.

      Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/898 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Ганхуягийн өмгөөлөгч Б.Баттулгын гаргасан давж заалдах гомдлоор Б.Золбоо, Ч.Ганхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцлээ. 

       Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “Ч.Ганхуяг нарт холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүрэг”-ээ хангалтгүй хэрэгжүүлсэн байна.

      Тухайлбал, тухайн “...” баарны камерын бичлэгт үзлэг хийсэн гэх боловч үзлэгийн тэмдэглэл дэх болон камерын бичлэгт буй эх сурвалж хооронд зарим ойлгомжгүй, тодорхойгүй байдал байгаа тухай давж заалдах гомдлын зарим үндэслэлийг таамаглан няцаах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тухайн камерын бичлэгт дахин үзлэг хийх буюу дүрс бичлэгт буй хүмүүсийн нэр, тэдний байрлал, үйлдэл, хөдөлгөөн, тэдгээрийн чиглэл зэргийг нарийвчлан тодорхойлж бэхжүүлэх, мөн камерын бичлэг дэх үйл явдлын дүрсжилтийг тодотгон томруулах, удаашруулан үзэх боломжтой эсэхийг тухайн төрлийн тусгай мэдлэг бүхий мэргэжилтнээс тодруулах, боломжтой бол тус нөхцөл боломжийг хангах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байна.  

     Мөн камерын бичлэгээс үзэхэд, “...” бааранд тухайн шүүгдэгч ба хохирогч талуудын хооронд болсон маргаан, зодооны үйл явдлыг дэргэдээс нь харсан, салгасан гэх “...” баарны холбогдох хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй, энэ талаарх зарим оролцогчоос гаргасан хүсэлтийг хангаагүй орхисныг зөвтгөх боломжгүй үндэслэл илэрсэн байна.

    Иймд мөрдөгч, прокуророос зарим нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зохих ёсоор хангаагүй буюу шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/898 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

    Энэ нь дээрх нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон эсхүл цагаатгасан шийдвэр биш болохыг тодотгон дурдах нь зүйтэй.      

                  Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.ГАНБААТАР  



 

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn