Хиймэл оюун ухаан (AI-Artificial intelligence) шүүхийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө


    Олон Улсын Шүүгчдийн Холбооноос “Хиймэл оюун ухааны шүүхийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө” сэдвээр гишүүн улсын шүүгчдийн холбоод руу дараах асуулгыг явуулсан. 
Асуулга нь 
•    Шүүгчид хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглаж байгаа, 
•    Хиймэл оюун ухааны ашиглалтад хамаарах удирдамж, дүрэм, журамын зохицуулалт, 
•    Хиймэл оюун ухаан нотлох баримтыг үнэлж боловсруулахад үзүүлж буй нөлөө, 
•    Шүүгчид хиймэл оюун ухааныг ашиглах давуу болон сул талууд, 
•    Хиймэл оюун ухаан шүүхийн захиргаанд болон бие даасан байдалд үзүүлэх нөлөө 
•    Шүүгчид хиймэл оюун ухааныг ашиглалахад тавих боломжит хязгаарлалт зэргийн талаархи саналыг асуусан юм.
39 улс хариу өгсөн бөгөөд судалгааны хариу нь хиймэл оюун ухааныг шүүхийн системд ашиглах явц олон улсын хэмжээнд олон янз байгааг харуулжээ. Зарим оронд хиймэл оюун ухааны хэрэглээ байхгүй байхад, зарим оронд хиймэл оюун ухааны хэрэгслийг туршилтын болон хязгаарлагдмал түвшинд ашиглаж байгаа бол цөөн хэдэн оронд илүү дэвшилтэт программууд хэрэгжиж байна.


         Өмнөд Африкийн Кэйптаун хотод 2024 оны 10 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд болсон Олон Улсын Шүүгчдийн Холбооны Хурлын ээлжит 66 дахь удаагийн уулзалтаас гаргасан дүгнэлт, зөвлөмжүүд:

      1.Шүүгчийн бие даасан байдал хиймэл оюун ухааны үүрэг: Хиймэл оюун ухаан нь шүүгч шийдвэр гаргах үйл явцыг дэмжих хэрэгсэл болгон ашиглагдаж болох ч эцсийн шийдвэрийг гаргах үйл явц нь хүний удирдлага бүхий үйл ажиллагаа байх учиртай. Хиймэл оюун ухаан нь мэдээлэлд хандах боломжийг сайжруулж, аналитик дэмжлэг үзүүлэх боломжтой боловч эцсийн шийдвэр гаргалт нь үргэлж шүүгчид байх ёстой. Ингэснээр хиймэл оюун ухаанд хэт их найдахаас сэргийлж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хадгалах болно.

        2.Шүүх засаглалын удирдлага ба үр ашигтай байдал: Хиймэл оюун ухаан нь шүүхийн процесс ажиллагааг илүү хурдасгах, хэргийн хөдөлгөөний менежментийг сайжруулах болон хууль зүйн илүү тохирохуйц хэрэглээг олоход ач холбогдолтой үр нөлөөг үзүүлэх чадвартай. Гэсэн хэдий ч эдгээр ашиг тус нь тухайлсан хэргийн өнгө, нарийн онцлог байдлыг анзаарахгүй бүдэгрүүлэх, хэтэрхий нэг хэвийн стандартчилалд орох эрсдлээс сэргийлэх, тэнцвэрт байдалд анхаарлаа хандуулах шаардлагатай. Хиймэл оюун ухаан нь баримт бичиг, яриаг орчуулах, яриаг бичлэгт хувиргах, хэргийг тохиолдлын журмаар хуваарилах болон олон нийтийг илүү их хандах боломж олгох үүднээс нэрээ нууцлан санал бодол оо илэрхийлэх гэх мэт хэрэглээнүүдийг шүүхийн процесст зохистой, үр ашигтайгаар нэвтрүүлэх боломжтойг харуулж байна.

      3.Олон нийтийн итгэл: Хиймэл оюун ухааныг шүүхийн системд нэвтрүүлэх нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх эсвэл бууруулах хоёр талтай. Олон нийтийн итгэлийг бэхжүүлэхийн тулд хиймэл оюун ухааны хэрэглээнд ил тод байдал, ёс зүйн тодорхой удирдамжийг тогтоох, хиймэл оюун ухааны нотлогдохуйц үр ашиг, шударга байдлыг харуулах нь нэн чухал юм.

      4.Шударга ёсны хүртээмж: Хиймэл оюун ухаан нь хууль зүйн мэдээллийг илүү уншигдаж болохуйцаар хийх замаар шүүхэд хандах хандалтыг хялбаршуулах, шүүхийн хүртээмжтэй байдлыг сайжруулах боломжтой.

      5.Үүсэж буй зохицуулалтын хүрээ: Шүүгч нар шүүхэд хиймэл оюун ухааныг ашиглахад хариуцлагатай, ёс зүйн тодорхой удирдамж шаардлагатай бөгөөд олон шүүгч хиймэл оюун ухааныг ашиглах нь шүүгчийн сонголт байх ёстой бөгөөд тусгайлан судалгааны ажлуудад ашиглахыг санал болгож байна. Олон улс орон болон олон улсын байгууллагууд шүүхийн хэрэглээнд хиймэл оюун ухааныг ашиглахад зориулсан удирдамж, зохицуулалтуудыг хөгжүүлж байна. Ёс зүйн асуудлууд, ил тод байдал, үндсэн эрхийг хамгаалах, мөн шүүхийн бие даасан байдалд голчлон анхаарсан эдгээр зохицуулалт нь шүүхийн систем дэх хиймэл оюун ухааны ирээдүйг тодорхойлоход чухал үүрэгтэй.

    6.Хууль дээдлэх зарчим: Шүүх нь хууль дээдлэх зарчмыг дэмжих болон сайжруулах зорилгоор хиймэл оюун ухааныг ашиглах учиртай. Хиймэл оюун ухааны систем нь хууль, ёс зүйн хүрээнд тодорхой боловсруулагдаж ерөнхий байдлаар хэрэглэгдэхүйцээр загварчлагдсан, олон нийтэд хүртээмжтэй байх ёстой.

      7.Ил тод байдал болон хариуцлага: Шүүх дэх хиймэл оюун ухааны хэрэглээ нь ил тод байдал болон хариуцлагатай холбоотой чухал асуултуудыг бий болгож байна. Хиймэл оюун ухааны системүүдийг тайлбарлах боломжтой байх, шийдвэр гаргах процессыг хянахад нээлттэй байлгах нь шүүхийн тогтоолд итгэх олон нийтийн итгэлийг хадгалахад маш чухал ач холбогдолтой юм.

      8.Шүүхийн хяналт, чанар, аюулгүй байдал: Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах үүднээс шүүхийн удирдлагууд болон шүүгч нар хиймэл оюун ухааны системүүд нь тухайн улсын эрх зүйд нийцсэн эсэхийг хянах ёстой. Түүнчлэн, шүүгчид хиймэл оюун ухааны хэрэгслийн тусламжтайгаар олж авсан мэдээллийн үнэн зөвийг шүүхэд хэрэглэхээсээ өмнө шалгаж нягтлах ёстой.

     9.Мэдээллийн нууцлал болон кибер аюулгүй байдал: Шүүхийн процесс ажиллагаануудад хиймэл оюун ухааныг хэрэглэх үед хүний эмзэг, хувийн мэдээллийг хөндөх боломжтой. Нууцлалыг хамгаалж, мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд найдвартай арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд мэдээллийг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглах эсвэл алдагдаж болзошгүй эрсдэлээс хамгаалах ёстой. Мөн шүүхүүд нь хиймэл оюун ухааны хэрэгслүүдийг цахим халдлагаас хамгаалах алхмуудыг хийх ёстой.

    10.Тэгш хандах хандлага болон шударга байдал: Хиймэл оюун ухааны системүүд нь тэгш, алагчлалгүй, төвийг сахих байдлыг хадгалах, эсхүл нэмэгдүүлж болох юм. Хиймэл оюун ухаанд суурилсан шүүхийн процессуудад шударга байдлыг хангах, ялгаварлан гадуурхахаас хамгаалах нь чухал зорилт бөгөөд энэ нь цаашид байнгын анхаарал хандуулах, судалгаа шаардагдах ажил юм.

     11.Хиймэл оюун ухаан ба нотлох баримтыг боловсруулахад үзүүлэх нөлөө: AI нь их хэмжээний өгөгдөл, холбогдох нотлох баримтыг илүү үр дүнтэй илрүүлэн боловсруулах боломжтой. Гэсэн хэдий ч хиймэл оюун ухааны тусламжтайгаар нотлох баримтад дүн шинжилгээ хийхэд ил тод нээлттэй байх шаардлага болон нотлох баримтыг үнэлэхэд хүний оролцоо, хяналтыг хэвээр хадгалах нь ач холбогдолтой бөгөөд эдгээрийн тэнцвэрийг хангах нь чухал юм. AI нь маргааны талуудын танилцуулсан нотлох баримтыг шүүгч үнэлэхэд туслах үүрэг гүйцэтгэдэг.

        Хиймэл оюун ухаан нь хуурамч нотлох баримт үнэлж буй эсэх дээр шүүх илүү хянуур болгоомжтой хандах ёстой.
        12. Хэргийн оролцогч, талуудын гаргаж өгөх баримтуудыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар хянан ажиглах:
      Хэргийн талууд шүүхэд гаргаж буй баримт материалынхаа үнэн зөв, зохистой байдалд анхаарах үүрэгтэй байдаг. Мөн шүүх ч талууд энэ үүргээ сахин биелүүлж буй эсэхэд давхар хяналт тавих үүрэгтэй.
        13. Хиймэл оюун ухаан ба түүний хэрэглээг ойлгох нь: 
      Шүүгч нар шүүхэд хиймэл оюун ухааны хэрэгслүүдийг ашиглахаас өмнө түүний боломж чадвар ба хязгаарлалтын талаар суурь ойлголттой байх хэрэгтэй. Ингэснээр тэд AI-г хэрхэн зөв ашиглах талаар мэдээлэлтэй байх болно.
        14. Сургалт ба Боловсрол
    Шүүгчид болон хуулийн мэргэжилтнүүдэд AI автоматжуулалтын технологиудын талаар өргөн хүрээний сургалт явуулах шаардлагатай. Энэ сургалт нь AI-ийн ашиг тус ба эрсдэлүүдийг хөндөх ёстой. Өөрөөр хэлбэл AI-ийн ашиглалтын сайн болон муу талуудыг ойлгож, хариуцлагатай ашиглах боломжийг олгоно.
       15. Санхүүжилт
      Шүүхийн системд AI технологи нэвтрүүлэх, шинэчлэх, шүүхийн захиргаанд ашиглах болон шүүгчдэд зориулсан системийн шинэчлэл, засвар үйлчилгээнд хэрэгцээтэй хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Энэ нь AI-технологийг үр дүнтэй, тогтвортой ашиглахад чухал ач холбогдолтой.
      16. Эрх зүйн орчны өөрчлөлт
    AI-ийн шүүхийн үйл ажиллагаанд нэвтрүүлснээр одоо мөрдөгдөж буй хууль, дүрмүүдийг шинэчлэх, шинэ хуулиудыг боловсруулан гаргах шаардлагатай байж магадгүй. Үүнд AI-аас үүдэлтэй нотлох баримт болон хиймэл оюун ухааны тусламж бүхий шүүхийн процесст иргэдийн эрхийн хамгаалалттай холбоотой асуудлууд орно.
     17. Хиймэл оюун ухааныг хэрэглэхэд тогтоосон хязгаарлалт
Хиймэл оюун ухааныг эрүүгийн гэмт хэрэг, хүүхдийн оролцоотой хэрэг зэрэг зарим хэрэгт ашиглахыг хязгаарлах эсвэл илүү хяналттайгаар ашиглах шаардлагатай. Зарим улс урьдчилан ял төлөвлөх гэх мэт мэдээллийн өгөгдлийг ашиглахад, мөн шүүхийн шийдвэрийн төсөл боловсруулах зэрэгт ашиглахад санаа зовж байгаа бол зарим улс хүний хяналт дор эдгээр хэрэгслүүдийг ашиглаж байна.
     18. Аажмаар нэвтрүүлэх
     AI технологийг шүүхийн системд нэвтрүүлэхэд аажмаар, болгоомжтой хандах нь зөв. Шинэ технологийг бүрэн нэвтрүүлэхээс өмнө туршилт хийх, үр дүнг сайтар ажиглах шаардлагатай. Энэ нь тооцоолоогүй үр дагавраас урьдчилан сэргийлэх бөгөөд шүүхийн зарчим, үнэт зүйлс хөндөгдөхөөс болон шударга ёсонд хохирол учруулахаас хамгаална. 
     19. Шүүхийн бие даасан байдлыг хүндэтгэх
    Шүүгчид AI хэрэгсэл ашиглах эсэхээ өөрсдөө шийдэх эрхтэй байх ёстой. Хэзээ ч шүүгчийг AI хэрэгсэл ашиглахад албадах учиргүй. Зөвхөн тэдний сонголт байх учиртай юм.
       20. Дүгнэлт
     Шүүхийн үйл ажиллагаанд Хиймэл оюун ухааныг (AI) ашиглах нь үр дүнтэй байж болох ч, түүний нэвтрүүлэлтийг анхааралтай зохицуулах хэрэгтэй. Хүний шийдвэр гаргалт болон шүүхийн шударга байдлыг алдагдуулалгүйгээр, хиймэл оюун ухаан нь зөвхөн нэмэлт хэрэгсэл болох ёстой. Хиймэл оюун ухааны ашиглалтын давуу талуудыг олж, эрсдэлийг багасгахын тулд байнгын үнэлгээ, зохицуулалт, олон улсын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ.

Орчуулсан: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга

Видео мэдээ

Холбоо барих

Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр


Утас: 11-320791, 70007277

Факс: 11-310678

И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn