Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг хаалттайгаар хянан хэлэлцлээ.
Түүнд холбогдох хэрэгт Тагнуулын Ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Ч.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ч.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч А.Батдорж, Г.Баасан нарын гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч Ч.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч А.Батдорж, Г.Баасан нараас Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгч Ч.Мөнхбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Монгол Улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Баруун Сэлбийн гудамж шүүхийн байр
Утас: 11-320791, 70007277
Факс: 11-310678
И-мэйл: n_davakh_tg@shuukh.mn